Монголд анх удаа олон улсын стандарт хангасан битүү дээвэртэй “Степпе Арена мөсөн өргөө” -ний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Арена мөсөн өргөө нь ашиглалтын 7800 м.кв талбайтай, 2600 үзэгчийн суудалтай, шүүгч, тамирчдын хувцас солих таван өрөөтэй, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх өрөөнөөс гадна хэвлэлийн хурал болон сургалт хийхэд зориулсан 80-100 хүний багтаамж бүхий хурал, уулзалтын танхимуудтай. Мөсөн талбай нь олон улсын стандарт буюу 60х30 метрийн хэмжээтэй.
"Мөсөн өргөө" төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч нь "Степпе Арена" ХХК-ийн ТУЗ-ын дарга П.Цагаан бөгөөд бүтээн байгуулалт 2019 хавар эхэлж байсан юм. Тодруулбал Монголын анхны битүү ордон барих шавыг 2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд “Шинэ яармаг” хороололд тавьж барилга угсралтын ажил дөрөвдүгээр сарын 15-нд эхэлж байжээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон бусад албаныхан оролцож, хоккей, уран гулгалт, шорттрейк зэрэг өвлийн спортын төрлийн үзүүлэх тоглолт болон урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
"Мөсөн өргөө" төслийг санаачлагч П.Цагаан нээлтийн үйл ажиллагааны үеэр хэлэхдээ: “Бүтээн байгуулалтаа шав тавин эхлүүлж байсан нь саяхан мэт санагдаж байна.
Тэр цагаас хойш 898 хоног цаг наргүй зүтгэсний хүчинд өнөөдөр мөсөн өргөөнийхөө нээлтийг хийж байна. Хөлдөө коньки /тэшүүр/ углаж үзсэн хүн бүрийн мөрөөдлийг биелүүлнэ гэсэн амлалтдаа хүрсэндээ баяртай байна” гэж баярын сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.